Friday, October 30, 2015

Гацууртад

Ээлжийн амралтын үлдсэн хэдэн хоногтоо юугаа хийнэ гээд л хэвтэж байтал Сэлэнгийн Түнхэлээс нэг багын найз ярьлаа. Багын найзуудаас маань алтны нинжа барилгын туслах бүр хулгайч болсон ч хүн бий. Тэр найз маань алтны нинжа. Намайг энд мотор молдок авчраад өгөөч бензиний мөнгө дансаар явуулчихая гэв. Би ч татгалзсангүй гэрээс нь мотор аваад Саппорогийн барилгын материалын захаас молдок аваад л Сэлэнгэ гараад давхичихлаа. Сэлэнгийн Түнхэл тосгонд шөнө очлоо. Маргааш өглөө ноён уул гарна. Миний хөгшин машинаа хараад л хоол хийгээд л хэд хоночих хэдүүлээ алтаа угаагаад хэд хэдэн цаастай бууя гэхээр нь хийх ажилгүй байсан хүн зөвшөөрчихлөө.

Өглөө эрт уул гарцгаалаа машин явахад маш хүнд бартаатай газар миний машин ч намхан болохоор уулын бэлд орхилоо. Тэнд нэлээн хэдэн машин байх бөгөөд бүгдээрээ номероо тайлаад нуучихсан байлаа. Манай машины номер тайлагддахгүй болохоор нь номертой нь уулын бэлд хаячихаад дээшээ өгслөө. Уулын орой дээр бас 40-60 машин яаж тэр өөдөө гараваа гэмээр. Мөнгө олзонд улангассан хүмүүс машинаа юман чинээ бодохгүй тэр бартаатай өөд бараг шалыг нь цөмөртөл цохиулаад гараад ирсэн нь энэ.
Энэ орой дээр ирээд зам дууссангүй. Дахиад бараг 60 градусын налуу уруу уруудлаа. Үүрч явсан ачаандаа түрэгдээд доошоо ойчихоор. Ингээд модон дунд хэсэг алхаж байтал моторын дуу дуулдлаа. Модны хэсэгхэн чөлөөнд нинжа нар алт ухаж байгаа газар нь энэ байж. "Нинжа" гэх нэрийг юунаас гаралтайг асуулаа. Хариуд нь ногоон түмпэнгээ нуруундаа үүрээд явахад яг л бидний хүүхэд байхдаа үздэг байсан TURTLES NINJA шиг харагддаг болоод тийм нэр авсан юм гэж тайлбар сонсов.

Очоод үүргэвчтэй ачаагаа газар тавьж амжаагүй байтал 50-60 орчим хүн битүү зогсож байсан газар зодоон болоод явчихав. Би ч үүргэвчээ газар шидээд л яваад очлоо. 4-5 хүн 3 хүнийг мод чулуугаар ёстой хэмх балбаж байна. Гартаа атгасан байгаа чулуу нь зангидсан гараас ч том том чулуунуудаар хайр найргүй нүүлгэж модоор цохилно. Хэрвээ зун байсан бол зодуулж байгаа хүн үхэхээр өвлийн олон давхар зузаан хувцастай тулдаа л толгойгоо дараад л зугтаж нэлээн зайтай очоод л эргэж харахад нүүр толгой нь нил цус болчихсон харагдлаа. Хол очсон хойноо нөгөө хэд ч дуугай байсангүй эргэж ирээд алнаа гэж хашгирсаар цааш далд оров.
Зодоон дууссаны дараа хавь ойрыг жаал ажиглалаа. Зун ирсэн бол ямар гоё байгалтай газар бэ гэж уулга алдмаар. Даанч нинжа нарын тарьсан хог ухсан нүх шороо үнэхээр авах юмгүй болтол байгалийн бохирдуулж. Хаа сайгүй архины шил ундааны хуванцар сав мөн дээрээс нь хэрчсэн гурил гоймонгийн  гялгар уутан гэр хаа сайгүй хийснэ. Чухам эдгээр л бодисууд байгалийг хамгийн ихээр хордуулж хамгийн удаан байгалд уусдаг билээ. Манай хэд намайг яг энэ хэсгээсээ битгий гараарай. Битүү "минэжүүлсэн талбар" байгаа гэж сануулав. Тэр ч үнэн байлаа. Тэр хэсгээс холдох л юм бол 00 цаас хүний өтгөн хаа сайгүй. Тэрийг "минэтэй талбай" гэнэ. Төд удалгүй эндхийхний яриа шал өөр болохын шууд анзаарлаа. Жишээ нь бидний өдөр тутам хэрэглэдэг "хөгшөөн" "андаа" "найзаа" гэх үг энд бол огт байхгүй. Эдгээр үгнүүд бүгд "хамаа" гэх шоронгийн үгэнд эзлэгджээ. Намайг хүртэл ачаагаа сахиад хэвтэж байхад 20 хүрээгүй гэмээр жаахан бацаан "хамаа тамхилаач" гэж байх жишээний.
Манай хэдэн найзууд ч байнга тэгж хэлнэ. За тэгээд нинжагийн алдаа олборлодог гэх нүх нь багцаагаар 20 орчим метр гүн байх бөгөөд бүр ёроолд нь духны гэрэл бүдэгхэн харагдана. Нүх болгоны амсар дээр цахилгаан гаргагч мотор дуугарна. Бараг л багахан сумын төвийг бүрэн хангах эрчим хүч үйлдвэрлэгдэнэ. Молдокоо аваад бараг 30-50 метр урт утас аваад нүх рүүгээ орно. Нүхний ёроолд очоод молдокоо аваад өөр өөрийн тунел руу орж алтны судлаа даган молдокоор алттай чулуугаа цохиж шуудайлж гаргаж ирнэ. Тэрийгээ "бондгор" гэж нэрлэнэ. Мөн энд байгаа нүх болгон өөр өөр гарцтай. Хамгийн гарц сайтай нүх рүү бүгд хошуурна. Тэр нүхний эзэн хамгийн том зовлонтой хүн. Тэр нүхийг ухахын тулд 10-12 хүн 7-10 хоногийн ажлаа зарцуулна. Тэгээд арайхийн хүрч байтал шоронгийн овгорууд ирнэ. Хутга гаргаад л холд гээд дайрчихна. Үгүй бол нүхнээс гарч байгаа чулуу болгоны 50 хувийг авна гэж дайрна. Өгөхгүй гэж хэлээд 50 эргэм насны нэг хүн зэвүүн царайтай шоронгийн атаман гэх хүнд духан дундуураа алхаар цохиулаад л ойчсон хэсэг хэвтэж байгаад босоод ирэхэд шоронгийнхон нүхэнд нь эзэн суусан байх. Нинжа хэнээс ч айдаггүй гэж зөндөө л сонссон энд яагаад айгаад байгааг би ч бас гайхаж л байлаа. Гэхдээ л нинжа хэнээс ч айдаггүйг би сүүлд харсан. Шоронгийнхон гэх хүмүүс нь үнэхээр андашгүй зэвүүн царайтай харцнаасаа авахуулаад шууд мэдэгдэнэ. Зарим шоронгийнхон ижил шивээстэй байх нэг талын улсууд гэдэг нь шууд мэдэгдэнэ. Манай цуг явсан хэд энд байгаа бүх хүмүүсийн 3 -ны 2 нь ямар нэгэн байдлаар шоронгоор дамжсан гэж хэлж байсан юм. Бид нар 9 үүлээ бидэн дунд аавынд морилоод гарсан хүн нэгээр тогтохгүй нь тэр яриа үндэслэлтэйг санагдуулна. Шоронгийнхон тэнд бол атаман хийж нүх дээрэмдэж өгнө. Жишээ нь нэг бригадыг жинхэнэ шоронд нэртэй том атаман удирдана. Асуудал болбол хамгаалах 4-5 биерхүү зэвүүн царайтай залуучууд дагалдаж хамгийн сүүлд тэднийг 4-5 туранхайвтар ажилд сайн шөрмөслөг залуучууд дагалдана. Тэдгээр залуучууд атаманынхаа дээрэмдсэн нүх рүү орж алт ухна. Бусад нь тэднийг хүнд дээрэлхүүлэхгүй нүх булаалгахгүй байх бүх асуудлыг зохицуулна. Бид нарт орох нүх олдох янз алгаа. Нүхэнд ороод сайн ажиллаж чаддаг хүн байх юм бол "тавьдаад" 2 цагаар оруулж болно гэх наймаа хаа сайгүй. "Тавьдах" гэдэг нь орсон хүн маань гарсан чулууныхаа талыг нүхний эзэнд тушаана. Мөн дээрээс нь нүх ухаж байхад гаргаж хаясан шороог "набор" гэх бөгөөд тэр шороонд дунд ганц нэгхэн алтны судал бүхий жижиг чулуу түүдэг хүмүүс байна. тэдгээрийг болжморчид гэнэ. Хүний чулуу шүүрч хулгай хийдэг хүмүүсийг "харцагачид" хамгийн гарцгүй шороог цуглууж мөнгө олдог хүмүүсийг "аргалчид" гэх зэргээр бараг л Монгол бөхийн мэхээс ч олон нэршилтэй.
Сонин үүгээр дуусахгүй наймаачид тэнд бараатайгаа очсон. Цуйван нэг хүний порц 6000 хуушуур 800 бууз 800 гэх үнэтэй. Эдгээр хүмүүс архи зарахгүй. Энд архи зарвал ёстой алаан болох шинжтэй.
Шоронгийн атаманы түүх үүгээр дуусахгүй. Энд мөн "Луусан"/эмэгтэйчүүийн хорих анги/гийн атаманууд ирсэн гэнэ. Нээрээ ч үнэн юм шиг. 2-3 хахирсан хоолойтой маш танхай яриатай дээрэнгүй зэвүүн харцтай авгайчууд наадхаа оруулаач гэж хүн зандраад л өөрийнхөө дүү нарыг нүх рүү оруулж байлаа. Мөн энэ дунд ядарсан улсууд маш их нүх олдохгүй шороо олдохгүй хүмүүс нь нүхнээс гарч ирэх хаягдал чулууг нэгбүрчлэн үзэж болжмор түүж авна. Өдөржин хэнд ч дээрэлхүүлэхгүй нүх рүү орохгүй хэдэн чулуу ялгаад орой гэхэд 25-н шуутай чулуутай болно. Болжмор түүгээд 400 мянга олж байна гэх өрх толгойлсон гэмээр настайвтар авгай нар их.
Нөгөө биеэ үнэлэгч нар гэх асуудлыг бас сонирхож үзлээ. 20-30 насны хүүхнүүд тэнд бас цөөнгүй. Яг биеэ үнэлээд тохирч байхыг олж харсангүй. Нүхний эзэн гэх нэг хүний яриагаар бол тйим хүүхэн байгаа тэр хүнд "би чиний нүх рүү нэг орьё орой чи миний нүх рүү нэг ороорой" гэж санал тавьсан гэх. Бид ч инээдэм болгоод л салсан. Тийм явдал болоогүй гэх баталгаа энд байхгүй л санагдаж байсан.
Би ч ямар газар ирчихэв гэж хурган айдастай сууж байтал архи зарж байна гэсэн сураг дуулдлаа. Манай нөхөд ёндоо орохгүй ажил бүтэхгүй байна гэж үглэсээр архи олж ирээд хэдүүлээ ууж гарлаа. Би ч бас хэд хэд татчихаад дахиад л орчинтойгоо танилцаж хүмүүсийн яриа чагнахаар тэр хавиар хэслээ. Тэр хавийн нүхнүүдээс хамгийн их гарцтай хүмүүс алалцаж байгаа нүхний амсар дээр очиж яриа чагналаа. Нөгөө шивээстэй нөхдүүд ирсэн байх юм. Би энэ удаа тйим ч их айгаад байсангүй нуруугаараа тэдэн лүү дөхөөд яриаг нь сонслоо. Ойрд хүүхний бараа харсангүй хам нь гарч ирээд удаагүй бараг бүх шоронг дамжлаа гэх зэргээр нүхний амсар дээрхи бүх хүнд сонсогдохоор хоорондоо ярилцаж архи хундагална. Нүхийг дээрэмдэх операци эхэлж байгаа бөгөөд эхний үзэгдэл сэтгэл санаагаар дарамтлах хэсэг нь энэ аж. Төдөлгүй нэг нь илт согтоод л шууд хүмүүс рүү чиглээд л энгэр лүүгээ нэг гараа хийгээд л дөхлөө. Түрүүнээс эхлээд яриаг нь сонсож байсан хүмүүс ярагдаад л зай тавьж өгөв. Нөгөөх шууд дунд нь ороод л Холдоцгоо муу үрийн шингэнүүдээ манай дүүг оролдоод үзээрэй. Намайг Дорнодын данхар гэдэг. Цувдайгаа чирээд л уулнаас цуг бууна шүү хамуудаа гээд л нэг гараараа зангаад нөгөө гараа энгэртээ хийсэн чигээрээ ярьж гарлаа. Энгэртээ байгаа гар нь хутга гаргаж ирнэ гэсэн дохио. Баахан заналхийлж олон юм ярьсны эцэст нүх бүрэн эзлэгдлээ. Надад хийгээд байх юм үлдсэнгүй. Данхарын яриаг хэсэг сонсоод л дулаацах гэж гал асаасан хүмүүсийн дэргэд очиж яриа чагнав. Энд бараг халхын том атаманууд ихэнх нь ирлээ. "Ар хударга" киноны шоронгийн атаманы дүрийг бүтээдэг нөхөр хэд хоногийн өмнө ирж хутгатай жүжиг тоглоод буцсан гэнэ. Мөн улсын начин Сугаржаргал ирээд нүх рүү ойчиж хүнд бэртээд буцсан гэнэ гэх мэт ярианууд дуулдаж байв.
Төдөлгүй гэгээ тасрах дөхөөд ирлээ. Данхарын нүх дахиад л хүн шавсан байх. Атаманууд зугтаажээ. Нинжа хэнээс ч айдаггүй гэдэг нь энэ байлаа.Өдөр нь чимээгүй дээрэлхүүлж байгаад л шөнө нь шоглоод хаячихна. Тойрч зогссон дундаас том чулуугаар нүдээд хэн нэг нь хутгалаад хаячих эрсдэлтэйг шоронгийхон бүү хэл цагдаа нар ч мэддэг болохоор айсан гарууд "амьтны ертөнц" болоод л харанхуйтай зэрэгцэн зугтах нь холгүй алга болно.
Шөнө их хүйтэн эргэн тойрон гарл асаагаад л бүх хүн духны гэрэлтэй энд тэнд гүйлдэж моторын дуу тасрахгүй. Манайхан нэг нүх рүү үүрийн 4 цагт тавьдаж орох тохироо хийсэн болохоор бид хэд хоолоо хийж идээд л хувцсаа давхарлаад л гал түлж цурам хийлгүй цагаа хүлээн сууна.
Эсрэг талын уулыг эзэгнэсэн компани бол ёстой баллаж хаяжээ. Ойг нь хуу цэвэрлэж хөрсийг нь эргүүлээд хэдэн км газар улаан шороо болгосон байх юм. Нинжа нарын талбай бол уртаашаа өргөөшөө 50 метрээс хэтрэхгүй газар байлаа.
Утсаараа авсан хэдэн зургаа тайлбартай нь оруулнаа.
үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment