Friday, June 5, 2015

Хэн нь баялаг бэ?

Монголд халуурал талцал үнэхээр аймшигтай болжээ. Одоо ийм байгаа юм чинь сонгуулийн үеэр 2 хуваагдаад жагсаж тэмцэхгүй гэх баталгаа алга. Нутаг дэвсгэр хангалттай байвч эндээ багтах эв нэгдэл үеийн үед байгаагүй одоо ч алга.
Чингисийн үед эвтэй байсан гэх байх. тухайн үед эв гэхээсээ илүү илд мэсний доор хүчээр эвлэлдэж байсан улсууд. Үгүй гэвэл дараах задрал бутралын хурдыг нь хараад үз. Өнөөдөр бид алтаа, нүүрсээ, малаа, уранаа, жоншоо, эх нутгаа бүхнээс харамладаг.
Эх орны баялаг хойно аргагүй. Харамлаж болох харамлаж хамгаалах ёстой. Хамгаалах харамлах юм хаа сайгүй ширхэг чулуу хээрийн өвс гэж дууладах. Гэтэл хамгаалах өмгөөлөх ёстой эднээс ч үнэтэй баялаг байдаг. Тэрийг хэн ч харамладаггүй хэн ч тоодоггүй хэн ч авч хэлэлцдэггүй.
Тэр нь мэдээж дээрх бүхний эзэн Монгол хүн. Хил даван одох тэвш нүүрс вагоны зэсний хойноос уйлж уурлаж жагсаж тэмцэж тэрсэлддэг. Тэгвэл урт цуваа үүсгэн оочерлож алс хол зарагдаж буй адуу мал шиг сорлуулан шүүгдэж харийн орны зүг одох идэр залуусыг хараад толгой сэгсрэн халаглах хэдий ч тэднийг эх орондоо үлдэж, хөдөлмөрлөх залуу нас эрч хүчийг нь Монголынхоо төлөө ашиглая гэж хэн санаа зовж ярьж байна. Бид 10 магадгүй 20 жил эх орноо баялгаа тусгаар тогтнолоо мал сүргээ ярьлаа. Одоо больцгоо. Монгол хүн Монгол иргэн Монголын хамгийн үнэт баялаг болох Монгол хүний төлөө хэн ч өдий хүртэл яагаад дуугарахгүй ярихгүй байна. Монгол хүнгүй бол бидний харамлаад байгаа нүүрс төмөр зэс уран жонш юу юм бэ?. Бид нутагтаа хамгийн үнэ цэнэгүй капитал болоод уджээ. Цаашид ч байгаад байх янзтай. Биднийг ч тйим байлгах хүсэл удирдаж байгаа хүмүүст маань байна. Ядуу боловсрол сул мөнгөгүй хүний санал хамягийн хямд гэдгийг тэд олоод харчихаж.
Хүн чинь бусдын л адил амьтан өөрсдийг нь өмгөөлж хамгаалах өөрсдийнх нь төлөө гэж хэн чанга хашгирна тэр зүгт л хөвөрнө. Гэтэл тэр зүгт бидний хамгийн том сүйрэл болох худлаа эх орончид. Биднийг ядуу мулгуу мал мэт хариулж байх хүсэлтэй хүмүүс бүхнээс чанга орилолдон сууна. Бид энэ уудам нутгийн эзэд. Гэрийн эзэд цөөрч ийш тйиш явах гэр хоосрон үлдэх. Энэ л жинхэнэ эмгэнэл. Хоосон гэрт хэн дуртай нь эзэн суух. Эзэнгүй гэр гэж байдаггүй.

No comments:

Post a Comment